“ЯЛГУУН” БРЭНД МОНГОЛ УЛАМЖЛАЛ, МАРТАГДАХ ДӨХСӨН ИХ ӨВИЙГ ОРЧИН ҮЕИЙН УРЛАГААР ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙНА
Яруу тансаг, эрхэмсэг төрхийн төгс илэрхийлэл “Ялгуун” брэндийн уран зураг, чимэглэл хаана, яаж төрдөг бол. Үргэлж шинийг түгээн дэлгэрүүлэгч байж охид, бүсгүйчүүдийн трэндийг тодорхойлогчид чухам ямар эрхмүүд байдаг бол гэсэн бодол төрж байв уу. Тэгвэл “Ялгуун” дээр хэвлэгддэг дахин давтагдашгүй чимэглэлийг зурдаг уран бүтээлчдийн нэг бол Б.Содномдаржаа.Тэр өөрийн нууцлаг арт галерей, содон ертөнцдөө бүсгүйчүү
дийн гоёлыг чимээгүйхэн шаглаж суудаг аж. Түүний торгон мэдрэмж, оюун ухаанаас урган гарч буй бүхэн эхлээд цаасан дээр, дараа нь гоё чимэглэл, эд хэрэглэл дээр “амьдарч” бидний гар дээр ирж буй юм. Ялгуун брэндийн цамц, цүнх, хүзүүндээ зүүдэг ороолт ер нь донжтой харагдуулах чамин, хээнцэр, тансаг бүхэн оюуны бүтээл төрөн гардгаа онцлогтой.
ЗАЛУУ ЗУРААЧИЙН ХҮСЛИЙГ “ЯЛГУУН” БИЕЛҮҮЛСЭН
Б.Содномдаржаа уран зураг зураад 20 гаруй жил болж буй туршлагатай, нарийн мэдрэмжтэй уран бүтээлч. Харин Ялгуунтай хамтарч ажиллаад зургаа дахь намартайгаа золгож буй. Залуу зураачийн хувьд бүтээлээ ядаж пудволкон дээр хэвлээд өмсөх юм сан гэсэн битүүхэн хүслийг нь Ялгуун биелүүлсэн талаар “2016 оны өвөл, яг шинэ жилийн босгон дээр надад санал тавьж гурван зураг зурж өгөөд, өмнө зурснаасаа хэдийг өгөөд явуулсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад Сар шинийн өмнөхөн хэвлээд гараад ирэхэд нь “Wow” гэж дуу алдсан даа. Тэгэхэд л уран бүтээлээсээ, мэргэжлээсээ жинхэнэ кайф мэдэрсэн. Миний зурсан зургаар охид бүсгүйчүүд гоёод гудамжаар алхахыг харах мэдрэмж үгээр илэрхийлэмгүй. Анхандаа бол алчуур дээрх зургаа аль болох бүтнээр нь гаргахыг хичээж байгаа эмэгтэйчүүдийг харахад таатай санагдаж очоод бараг тэвэрмээр, би зурсан шүү гэж хэлчихмээр ч юм шиг санагддаг байлаа. Яваандаа дасчихдаг юм билээ” гэв.
ҮРГЭЛЖ ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛДГЭЭРЭЭ “ЯЛГУУН” БИД ХОЁР ТӨГС ЗОХИЦДОГ
Б.Содномдаржаа уран бүтээлийн онцлогоо их хувьсамтгай гэж тодорхойлов. Энэ чанараа “Би Монгол учраас” гэж өмгөөлөх дуртай. Тиймдээ ч аливаа хэв маяг, загварт баригдах дургүй. Гэхдээ нэг загвараа төгс болтол хөгжүүлдэг нь түүний давуу тал. Харин тухайн сэдэвтээ хэт төвлөрөөд бусад давуу талаа орхигдуулах гээд байдаг гэнэ. “Би жаахан уйдамтгай. Шинээр төрсөн мэдрэмжүүдээ шууд буулгах дуртай. Миний зарим бүтээлийг харахад нэг хүн зурсан гэж хэлэх хэцүү. Өөр өөр төрлөөр илэрхийлдэг. Энэ онцлог маань Ялгуунтай зохицож нэгнээ ойлгодог юм болов уу. Ялгуун үргэлж шинийг хүсдэг. Миний хувьд ч гэсэн хэн нэгнийг, урдах өөрийгөө ч давтахгүйг хичээдэг. Зургаан жилийн хугацаанд сар болгон гурван зураг өгсөн гэхээр тийм ч бага тоо биш. Тэр болгонд өөрийгөө, өөр хэн нэгнийг давтахгүйг хичээж ирсэн. Тухайн үеийн мэдрэмж өнөөдөр
байхгүй.Хэвлэгдсэнээс гадна хэвлэгдээгүй зургууд ч бий. Яг үнэндээ тухайн үед ямар зураг зурж өгснөө санадаггүй. Энэ миний хувьсамтгай зантай холбоотой байх” гэж өөрийгөө болоод уран бүтээлийн онцлогоо тодорхойлов. Мөн Ялгуун дээр онгодоо хүлээх ч юм уу удаан бодох эрх надад байдаггүй. Үргэлж шинийг эрэлхийлдэг. Шинэ санаа орж ирэнгүүт нь нэг, гурав хэд ч хамаагүй шууд зэрэг зураад эхэлчихдэг. Заримдаа нэг зураг 2-3 сар үргэлжлэх ч тохиолдол бий. Ялгууны хувьд чимэглэлийн урлаг талаас нь хэтэрхий философи бодохгүйгээр яавал өнгө, зураг гоё зохицох, яавал эмэгтэй хүнийг тансаг харагдуулах вэ гэж л боддог. Ер нь эцсийн зорилго бол энэ орчлонг чимж байдаг бүсгүйчүүдээ ганган хээнцэр, гоё сайхан, тансаг харагдуулахыг үргэлж хичээдэг. Сүүлдээ ямар хувцсан дээр юу зохицохыг өөрийн эрхгүй, ухамсаргүйгээр анзаарч хардаг болсон. Тиймдээ ч Ялгуун дээр өөр, өөр өнцөг, уран дүрслэл гаргахыг хичээдэг. Магадгүй эрчүүд гэхээр минимал, товчхон дүрслэл буудаг бол эмэгтэйчүүд их баялаг. Өнгөний сонголт талаасаа ч хурц, өнгөлөг илэрхийлэлтэй гэнэ.
“ЯЛГУУН” БРЭНД МОНГОЛ УЛАМЖЛАЛ, МАРТАГДАХ ДӨХСӨН ИХ ӨВИЙГ ОРЧИН ҮЕИЙН УРЛАГААР ДЭЛГЭРҮҮЛЖ БАЙНА
Ялгууны үнэ цэн, донжийг уран бүтээлч маань уламжлалт гоёл чимэглэл, хээ угалзыг орчин үеийн урсгалтай хослуулж буй хэлбэр гэж тодорхойллоо. Энэ тухайгаа “Монгол ахуй, өв соёл, уламжлалыг хамгийн орчин үеийн урлагийн хэлээр илэрхийлсэн нь Ялгуун. Наанаа гоёл чимэглэл гэж харагдаж болох ч цаанаа Монгол өв соёлыг тээж буй учраас их үнэ цэн, утга учрыг агуулдаг. Брэндүүдийн ихэнх нь зураачийн нэг л зургийг худалдаж аваад олон удаа хэвлэдэг. Харин Ялгуун энэ жишигт цоо шинэ салхи оруулсан. Өөрөөр хэлбэл, цөөн зургийн сонголттой олон төрлийн бүтээгдэхүүн байсан бол Ялгуун сар бүр, сард 3-4 зураг авдгаараа илүү үнэ цэн бүтээж, өв соёлоо дэлгэрүүлж буй юм болов уу. Хатдыг ямар нэг зүйл эдлэл хэрэглэл дээр хэвлээд зүүлгэх биш мартагдаад хэрэглэхээ больсон соёл, уламжлалыг гоёл, чимэглэлийн бүтээгдэхүүнээр дамжуулан орчин үеийн өнгө загвараар сэргээж байна. Мартагдах дөхсөн тэр их өвийг орчин үеийн урлаг,эдлэлээр үр хойчдоо өвлүүлж, дэлгэрүүлж байгаа хэрэг” гэж бодож явдаг байна.
МОНА ЛИЗА ШИГ АЛДАРШСАН МОНГОЛ ХАТНЫГ “ЯЛГУУН” ДЭЭР УРЛАЖ БАЙНА
Зураач Б.Содномдаржаа Мона Лиза шиг алдартай бүтээл хийхийг хүсч, уран зургийн олон ч төрөл жанраар зурж үзжээ. Гэвч эцэст нь аль нэг гадны улсад үүссэн урсгалыг тэднээс илүү хийж чадахгүй юм байна. Харин Монгол уламжлал ахуй, мартагдсан соёлыг хамгийн орчин үеийн, залуучуудын сонирхож буй стилиэр гаргаж ирэх ёстой юм гэдгийг нээсэн нь Ялгуун дээр хэвлэгддэг Монгол хатад болж биелэлээ олжээ. Уран бүтээлч “Мона лиза шиг алдартай бүтээл хийх эрэл хайгуул маань Ялгуун дээр биелэлээ олж байгаа. Хатадыг зурахдаа түүх, домог, агуулгыг нь үнэн зөвөөр харуулахыг хичээдэг. Зөвхөн хатан гэхгүй олон сэдэв рүү хөрвөх шаардлагатай. Энэ бүхэнд мэдээж судалгаа, эрэл хайгуул шаардагдана. Хувь зураачийн хувьд ч Ялгуун надад үнэ цэн, брэндийг бий болгож өгч байгаа. Хамгийн гол нь бүсгүйчүүдийн сонирхож, сонжиж буйг мэдрэх торгон агшин чухал” гэлээ. Бүсгүйчүүдэд өнөөдөр нэг зүйл таалагдаж байгаад маргааш өөрчлөгдөж мэднэ. Нэг эмэгтэйн энэ олон сонирхол олон мянган эмэгтэйгээр үржигдэнэ. Үүнд нийцүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ Ялгуун үргэлж шинэлэг байж чадсан нь Б.Содномдаржаа зураачийн сэтгэлгээтэй яах аргагүй холбоотой.
Comments