ҮНДЭСНИЙ ГОЁЛЫГ ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ БОЛГОЖ ОРЧИН ҮЕТЭЙ ХОСЛУУЛАГЧ ЯЛГУУН БРЭНД
Ялгуун брэндийг үйлчлүүлэгчдээр нь сонжвол эрхэмсэг, VIP, илүү загварлаг бүсгүйчүүд байх нь элбэг. Мөн үндэсний гоёл, өв уламжлалаа эрхэмлэж, үндсэн чанарыг нь гээхгүйгээр орчин үетэй хөл нийлүүлэх сонирхолтой төрлийнх гэж тодорхойлж болохоор. Тэгвэл бүсгүйчүүдийн маань өдөр тутмын гоёл болтлоо өргөжиж, шинэчлэгдсээр байгаа Ялгуун брэнд хэрхэн бүтдэг бол. Амттантай зүйрлэвэл өнгө будаг, орц найрлага, загвар дизайны шийдлийг хэрхэн амилуулдаг бол гэдэг нь эрхгүй сонирхол татдаг. Энэ мэтээр байнгын хэрэглэгч бүсгүйчүүдийн олон асуултад хариулт өгөхийг хичээж Ялгуун брэндийн дизайнер С.Ууганбатыг уулзуулж байна. Зочин маань яг л үйлдвэрийн “гал тогоо”-нд ажилладаг. Түүний торгон мэдрэмж, уран сэтгэмжээр миний, таны гангарах дуртай загварлаг хувцаснууд бүтдэг гээд бод доо. Тийм ч учраас тэр “хөшигний” ард чимээгүйхэн хөдөлмөрлөж, амьдралынхаа цаг хором мөч бүрийг яаж бүсгүйчүүдээ гоё харагдуулах вэ гэдэгт санаагаа чилээж, оюун ухаанаа бясалгаж байдаг онцлогтой мэргэжлийн эзэн.
ЯЛГУУН БИДЭН ДЭЭР ХЭРХЭН “ИРДЭГ” ВЭ...
С.Ууганбат мэргэжлийн дизайнераас гадна зураач мэргэжилтэй. 2019 оноос Ялгуунд зураачаар ажилласан бол өнөөдөр дизайнер хийж буй хос морьтой бүсгүй юм. Анх зураачаар ажиллаж байхдаа залуулаг эмэгтэйчүүдэд зориулж, хурц тод өнгөтэй эмэгтэйлэг шинж чанарыг агуулсан төрхийг илүү тодотгохыг хүсдэг байж. Энэ нь ч Ялгууны үндэсний тодотголтой монгол хэв шинжин дээр илүү залуулаг төрхийг урлах зорилготой нийцдэг байсан нь С.Ууганбат дизайнерын онцлог. Гэхдээ Ялгууны үндсэн төрхийг өөрчлөхгүйгээр залуулаг, өвөрмөц төрхийг бүтээхийг хүссэнээ хэллээ.
Харин Ялгуун ямар шат дамжлагаар хэрхэн бүтдэг вэ гэвэл зураачийн торгон сэтгэмж, бийрийн уран таталтаар бүтсэн уран зургийг скийз маягаар хувцас дээр буулгана. Ингээд өнгө баланс, загвар гээд маш нарийн шүүлтүүрээр орно. Өөрөөр хэлбэл, яг энэ дамжлага дээр дизайнерын шийдэл удирдлагын баг, мэргэжлийн экспертүүдийн санаанд нийцэх юм бол эсгүүрээ хийх буюу компьютер дээр зурсан загвараа оёулна. Оёод гарч ирсний дараа дахиад дизайнерын шалгалтаар орж дахин хэвлүүлнэ. Энэ бүхний эцэст “ок” гэсэн үнэлгээ авбал нийтийн хэвлэлт рүү явуулдаг аж. Тэндээсээ салбар дэлгүүрүүд рүү тараагдаж бидний сонголтын өмнө ирдэг. Ерөнхий дүр зургаар нь багцалбал иймэрхүү шат дамжлагатай ч дундаас нь буцах, загвар, өнгө “эвдэгдэх” гээд нэг хувцсан дээр хэдэн арван удаа эргэж буцах үе ч бишгүй. Тухайлбал, биднийг үйлдвэр дээр очих үед Ялгуун бүсгүйчүүддээ санал болгох Сар шинийн болон зуны загварын бэлтгэл ажлаа аль хэдийнэ эхэлсэн байв. Ер нь улирлын онцлогт тохирсон коллекцууд 3-4 сарын өмнөөс гардаг аж. Үүнийг онцолсны учир нь Ялгуун нөр их хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэл, оюуны давтагдашгүй сэтгэмжээр бүтдэгийг бага ч болов ойлгуулахыг хүссэн хэрэг.
Бидний хамгийн ойрын төсөөллөөр мэргэжлийн зураачийн оюун ухаанаас урган гарч цаасан дээр зураг болон бууж түүний дараа дээрх олон төрлийн шат дамжлагуудын дараа хэрэглэгчдийн гар дээр бэлэн болоод ирж буй Ялгуун хүртэл хамгийн чухал ачааг дизайнер, түүний мэдрэмж шийдэл “үүрдэг”. С.Ууганбатаас Монгол эмэгтэйчүүдийн биеийн харьцаа, өнгөний зохицол ямар байдаг вэ гэхэд “Эмэгтэйчүүд ихэнхдээ аль хэсгээ нуухыг хүсдэг вэ гэдгийг бодох хэрэгтэй. Зарим нь мөрөө нуухыг хүсдэг бол эсрэгээрээ мөрөө тодотгомоор байгаа хүмүүс ч бий. Мөн эмэгтэй хүн болгон л бэлхүүсээ нарийхан харагдуулахыг хүсдэг. Энэ харьцааг нь мэдэрч ойлгож байж хувцасны аль хэсэгт зураг оруулж өгөх вэ зэргээс гадна бэлгэдлээ бодолцож байж шийддэг. Бэлхүүсний хэсгийг аль болох цулгуй хийвэл нарийхан харагдах давуу талтай. Ер нь л бүх цаг үед бүтээлч байхыг шаарддаг” гэлээ.
ТОД ӨНГӨНИЙ МАСТЕР БУЮУ ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТЫН ӨӨРЧЛӨЛТ
Ялгууны гол онцлог бол хурц тод өнгө, залуулаг байдлын илэрхийлэл. Гэвч зарим нэг махлаг бүсгүйчүүд маань хурц өнгөнөөс татгалзаж барааныг илүүд үздэг талтай. Харин энэ шийдлийг мэргэжлийн хүмүүс хэрхэн хардаг вэ гэдэг сонин. Гэтэл бүсгүйчүүдийн бодлоос тэс өөр сонголтыг алдартай брэндийг загвар зохион бүтээгч хэлэв. “Хүн хэтэрхий бараан хувцас өмсөхөөр царайны өнгө дарагддаг. Тиймээс аль болох өнгөлөг хувцаслабал залуухан, чамин харагдана. Тиймээс бид тухайн оны трэнд өнгөнүүдээс загвартаа оруулахыг хичээж хэдэн мянган сонголтоос судалгаа хийдэг. Тэр дундаа монгол хүний арьсны өнгөнд хэр зохицож байна вэ гэдгийг бас харна. Махлаг эмэгтэйчүүд бараан хувцас өмсөх нь зохимжтой гэдэг ч юм уу эсвэл нас тогтсон болохоор тод өнгө өмсөхөөс зайлсхийх нь өрөөсгөл ойлголт. Туйлбаргүй санагддаг. Тод хувцас хүнийг илүү өөртөө итгэлтэй, стильтэй, овор багатай харагдуулдаг учраас Ялгуун өнгөлөг байдлыг санал болгож чухалчилдаг. Заримдаа миний бодсоноос ч илүү тод өнгөний сонголтыг бүсгүйчүүд маань хийдэг. Энэ загвар арай тод өнгөтэй болчихов уу гэтэл дорхноо зарагдаад дуусчихсан байдаг. Энэ мэт олон зүйлээс харахад манай бүсгүйчүүд илүү залуулаг, шинэлэг байдлыг хүсдэг юм байна” гэв. Өөрөөр хэлбэл, махлаг бүсгүйчүүд бараан хар өнгийн хувцас өмсвөл туранхай, цэгцтэй харагдана гэдэг бол хэвшил ойлголт гэдгийг олон ч дизайнер хэлдэг. Харин энэ хэвшвэл ойлголтыг Ялгуун “зад” татан өөрчилж гарч иржээ.
ЯЛГУУН ҮНДЭСНИЙ ХУВЦАСЫГ ӨДӨР ТУТАМДАА ӨМСӨХ СОЁЛЫГ БИЙ БОЛГОСОН
Хувцасны өнгө, загварын зохицол бол цэвэр дизайнерын мэдрэмж. Анх Ялгууны алчуурыг зүүгээд явдаг байсан. Гэхдээ яагаад хувцас шиг өмсөж болохгүй юм бэ гэж бодож өмсдөг загвартай алчуурыг гаргасан нь С.Ууганбат дизайнерын шийдэл байж. Энэ тухайгаа “Магадгүй алчуур зүүх дургүй хүмүүст өмсөх нь илүү эвтэйхэн байх гэж бодсон. Мөн Монгол үндэсний хувцасыг зөвхөн цагаан сар, наадам гээд баяраар өмсөх биш өдөр тутмын хэрэглээ болгохыг хүссэн. Бид Монгол ахуйг европ хувцастай энгийн үед хослуулаад өмсөх сонголтыг хэрэглэгчдэдээ олгохыг зорьдог. Монгол уламжлалыг орчин үетэй хослуулж, шинэлэг, давтагдашгүй байдлаар өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж байна. Монгол эмэгтэйчүүдэд хэт их европ загвараас илүү үндэсний хувцас их гоё зохидог.Чамин, эрхэмсэг харагддаг. Дээр нь торго эмэгтэйлэг чанарыг илүү тодотгож, зөөлөн намирсан мэдрэмж төрүүлдэг. Мөн биеийн өө сэвийг нууж хэт их бариу биш ч галбирыг тодотгож, цэгцтэй харагдуулж өгдөг. Торго ихэмсэг тансаг бүсгүйчүүдийн илэрхийлэл болдог. Ялгуун хэн нэгнийг давтахгүй, анхдагч байхыг үргэлж хичээдэг. Тиймдээ ч нэг загварын хувцасыг олон хувь үйлдвэрлэдэггүй. Аль болох цөөн хувиар гаргадаг” гэлээ.
Нээрэн л бид ихэнхдээ Монгол хувцасаа аль нэг томоохон баяр ёслолоор өмсөөд бусад үед эвхээд хадгалчихдаг. Энэ нь магадгүй байнга өмсөхөд төвөгтэй, нүсэр байдгаас болдог байх. Тэгвэл Ялгуун үүнийг өөрчилж өдөр тутамдаа үндсэрхэг байх боломжийг олгож байгаа. Ингэснээрээ мартагдах нь гэж санаа зовнидог монгол өв соёлыг өдөр тутмын эдлэл хэрэглээнд нэвтрүүлж, тэр хэрээрээ үндэсний уламжлалаа сэргээн сурталчилж, түгээж буй юм.
Comments